ОНГОД
Авьяасын минь тэнгэрт од болон гэрэлтэгч
Хүслийн минь хойморт зул болон асагч
Бодлын минь үзүүрт лаа болон үл бөхөгч
Онгод чиний гэрэл юутай хүчтэй
Аавдаа
Аавын бичдэг шүлэг
Айхтар хачин утгатай
Арван хэдхэн насанд минь
Ахадсан үгтэй
Зэв тогтдоггүй төмөр лоом
Зэвсэг нь ч юмуу,сүлд нь ч юмуу
Зээрийн махтай хуурай цуйван
Хоол нь ч юм шиг ,тахил нь ч юм шиг
Олон нөхөөстэй даавуу майхан
Оромж нь ч юм шиг өргөө нь ч юм шиг
Оорцог толгодын жонштой дэл
Олз нь ч юм шиг гарз нь ч юм шиг
Жаахан согтохоороо л уйлж дуулаад
Жаргасан ч юм шиг зовсон ч юм шиг
Жавартай тэнгэрийн хаяа ширтээд
Залхсан ч юм шиг дасчихсан ч юм шиг
Эвий охин минь гэж дух үнэрлээд
Эцэг минь ч юм шиг бурхан ч юм шиг
Эвгүй аашинд минь зандран хилэгнээд
Эрлэг нь ч юм шиг зарлиг нь ч юм шиг
Биднийгээ үүрээд хорвоог туулахдаа
Бие нь лав зүдэрдэг байхдаа
Бишдийн төлөө гараа сунгахдаа
Сэтгэл нь лав бадардаг байхдаа
Амьдралын шуургыг хормой шуун сөрдөг ч
Ачийнхаа өмнө өвдөг сөхрөн унадаг
Аав минь таныхаа нэгээхэн биед
Арвуулаа бид багтдаг
(Нийт: 32)